Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн монгол хэлний хичээлд ашиглах
нэр томъёоны товч тайлбар
Эхийн хэв маяг: Хэнээс хэнд , юуны тухай, ямар зорилгын үүднээс хэзээ, хаана, юугаар, хэрхэн ойлгуулахаас шалтгаалан эхийн буюу найруулгын хэв маяг ялгарна. Бичигч уншигчаас үүдэж найруулгын хэв маяг нь тоочих ба хүүрнэх, эргэцүүлэх ба тайлбарлах гэсэн найруулгын дөрвөн хэв маяг байна. Ерөнхийдөө :
· Тоочих нь албан бичгийн
· Хүүрнэмж нь уран зохиолын
· Эргэцүүлэмж нь шинжлэх ухааны
· Тайлбарламж нь сонин нийтлэлийн найруулгатай тус тус таардаг боловч найруулгын дөрвөн хэв маяг нь тухайн эхээс шалтгаалан холилдон орох нь цөөнгүй тохиолддог.
Хүүрнэмж: Тухайн орны дотор үйл ба хэрэг явдлыг сэдэв гол санааны дагуу цагийн дарааллаар дараалан өгүүлдэг.
Тоочимж: Тухайн эхийн сэдэв ба гол санааны дагуух үйл явдал, юмс үзэгдлийн гадаад дотоод шинжийг зүйлчлэн зэрэгцүүлж өгүүлэх
Тайлбарламж: Тухайн эхийн дотор гол санаа бүхий зүйлийг элдэв баримтаар нотлохын зэрэгцээ , задалж, өөрийн үзэл бодол, санаа сэтгэгдлийн үүднээс чөлөөтэй өгүүлэх
Эргэцүүлэмж: Тухайн эхийн сэдвээс буй болсон тулгамдсан асуудлыг баримт хэрэглэгдэхүүнээр батлан таамаг дэвшүүлж, баттай нотолгоо дүгнэлт гарган өгүүлэх
Гарчиг: Алив юм нэртэй байдаг тул уул эх нь зохих нэртэй. Түүнийг гарчиг гэнэ. Гарчиг нь эхийн сэдэв гол санаа болон эхийн доторх тодорхой зүйл, үйл ба хэрэг явдлаас үүдэлтэй байна.
Тулгуур нэгж: Эхийн сэдэвтэй холбоо бүхий өгүүлэгдэж буй юм үзэгдэл, үйл ба хэрэг явдлыг хэлнэ. Эхэд ихэвчлэн үг, холбоо үгийг тулгуур нэгж болгоно.
Түлхүүр нэгж: Эхийн гол санаатай холбоо бүхий шинэ содон санаатай нэгж. Эхийн түлхүүр нэгжүүдийн дотроос ихэвчлэн үг, холбоо үгийг түлхүүр нэгж болгоно.
Өгүүлэгдэж буй юмс:Тухайн эхийн сэдвийг ямар ч зүйлсээр сонгон өгүүлж болох бөгөөд ихэвчлэн жинхэнэ нэрээр байна. Ийнхүү сонгосон зүйлсийг өгүүлэгдэж буй юмс гэнэ.
Өгүүлж буй байдал: Эхийн гол санааг илтгэх хэлний нэгжийг хэлэх бөгөөд ихэвчлэн үйл үгээр илэрнэ.
Цогцолбор: Эхийн сэдэв, гол санааг бүтээхэд чухал үүрэг бүхий ихэвчлэн нийлмэл өгүүлбэрээс бүтэх , догол мөрөөр зааглах хамгийн их нэгж.
Эхийн эхлэл, гол , төгсгөл хэсэг : Алив хэрэг явдал нь ямар нэг шалтгаанаас үүдэхийг эхлэл, нэгэнт үүссэн хэрэг явдал өрнөхийг гол, уг хэрэг явдлын учир начир тайлагдахыг төгсгөл гэнэ.
Хэрэг явдал: Хэд хэдэн үйл явдал нь өөр хоорондоо учир шалтгааны холбогдлоор нэгдэж, нэгэн цогцолбор болохыг хэлнэ. Цогцолбор нь голдуу угсарч, зэрэгцсэн олон өгүүлбэр нийлж бүтсэн байдаг.
Үйл явдал: Цаг, биеэр хэлбэржсэн нэг өгүүлбэрээр илрэх төгс санааг хэлнэ.Хэлний агуулгыг дараах дөрвөн нэгжээр илэрхийлдэг.
Их нэгж: 1. Цогцолбор
Төгс санаа бүхий харилцааны нэгж
2. Өгүүлбэр
Бага нэгж 3. Үг
Төгс бус санаа бүхий үл харилцах нэгж
4. Бүтээвэр
Дэлгэрэнгүй өгүүлбэр: Хоёр ба гурван гишүүнт өгүүлбэрийг гол ба дэд, захын дэлгэрүүлэгч гишүүдээр дэлгэрүүлснийг хэлнэ.
Цөм өгүүлбэр: Жинхэнэ нэр нь нэрлэх, заахын тийн ялгалаар хэлбэржиж, тусах ба эс тусах үйл үгэнд захирагдаж бүтсэн өгүүлбэр юм.
Хоёр гишүүнт цөм өгүүлбэр: Нэрлэхийн тийн ялгалт жинхэнэ нэр, нэг эс тусах үйл үгэнд захирагдсан бүтэцтэй өгүүлбэр
Энгийн өгүүлбэр: Захын ба дэд дэлгэрүүлэгч бүхий нэг үйл үгт өгүүлбэр
Ойролцоо санаат өгүүлбэр: Ойролцоо утгат үгээр санаа нь ижилссэн өгүүлбэр.
Эсрэг санаат өгүүлбэр: Эсрэг утгат үгээр санаа нь эсрэгцсэн өгүүлбэр.
Хэлц өгүүлбэр: Уул өгүүлбэрийн аль нэг үгийг чөлөөтэй сольж үл болох, төгс санаа бүхий далд утгат өгүүлбэр
Дэлгэрүүлэгч гишүүд: Тусах ба эс тусах үйл үгтэй цөм өгүүлбэрт нэмэн орсон гишүүд.
Гол дэлгэрүүлэгч: Харъяалах ба өгөх орших, гарах, үйлдэх хамтрах, чиглэхийн тийн ялгалт жинхэнэ нэрээр бүтсэн өгүүлбэр.
Дэд дэлгэрүүлэгч гишүүд: Юмс болоод үйлийн дотоод гадаад шинж чанарыг зааж үйл хувилах үгс нь дэд дэлгэрүүлэгч болно.
Захын дэлгэрүүлэгч гишүүд: Нэрлэхийн тийн ялгалаар үл хувилах боловч цаг ба орны утгат тийн ялгалаар бүрэн бус хувилах үгс, мөн цаг орны болон шалтгаан, зорилго зэрэг утга илтгэх өгөх орших, гарах, үйлдэх, чиглэхийн тийн ялгалт жинхэнэ нэрээр илэрсэн гишүүд.
Утгын зүйлчлэл:
Байгал ба нийгэм, оюун ба сэтгэхүйн холбогдолт юмс нь ойролцоо ба төсөөт, эсрэг ба зүйлчилсэн утгаар ялгарахын дотор алив юм төрөл зүйлээрээ ялгардаг. Үүнийг утгын зүйлчлэл гэнэ. Үүнд:
1. Хүний зүйл
2. Адгуусны зүйл
3. Ургамлын зүйл
4. Хүний бүтээсэн зүйл
5. Адгуусны бүтээсэн зүйл
6. Гариг ертөнцийн зүй
7. Мэдрэхүйн зүйл
8. Сэтгэхүйн зүйл
9. Хий үзэгдлийн зүйл
10. Зөн билгийн зүйл
11. Чанарын зүйл
12. Тооны зүйл
13. Орны зүйл
14. Цагийн зүйл гэж ангилж байна.
Үгийн санжсан холбоо үг: Холбогдсон үгс нь шууд утгатай боловч нэг утга ухагдахуун илтгэсэн.
Хэлзүйжсэн холбоо үг: Холбогдсон үгийн нэг нь туслах үгийн үүргээр орж нэг утга илтгэсэн.
Жинхэнэ нэр:Ертөнцийн хүн амьтан , юмс үзэгдлийг шууд нэрлэж, тоо, тийн ялгал, хамаатуулахын айт, өгүүлбэрт ихэвчлэн өгүүлэгдэхүүн , тусагдахуун гишүүний үүрэг гүйцэтгэдэг үгс.
Тэмдэг нэр: Ертөнцийн хүн амьтан юмс үзэгдлийн тоо ширхэг, дэс дугаарыг зааж, өгүүлбэрт ихэвчлэн дэд дэлгэрүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг үгс
Тооны нэр: Ертөнцийн хүн амьтан, юмс үзэгдлийн тоо ширхэг, дэс дугаарыг зааж, өгүүлбэрт ихэвчлэн дэд дэлгэрүүлэгч гишүүн болдог үгс.
Үйл үг: Ертөнцийн хүн амьтан, юмс үзэгдлийн үйл хөдлөл, явц, байрыг зааж, өгүүлбэрт ихэвчлэн өгүүлэхүүн гишүүн болдог үгс.
Дуурайх үгс: Ертөнцийн хүн амьтан, юмс үзэгдлийн үйл хөдлөл, явц, байрын хэлбэр дүрс, дуу авиаг ялган нэрлэж, өгүүлбэрт ихэвчлэн үйлийн тодотгол болох үгс .Дуурайх үгсийг дүрс дуурайх үг, авиа дуурайх үг гэж ангилна.
Орон цагийн нэрс: Үйлийн орших орон, зүг, чиг, цаг хугацааг зааж өгүүлбэрт ихэвчлэн захын дэлгэрүүлэгчийн үүрэг гүйцэтгэх дутмаг хувилах нэрс.
Нэрлэх үг: Ертөнцийн хүн амьтан, юмс үзэгдэл, тэдгээрийн шинж чанар, тоо, ширхэг, орон байр, зүг чиг ,цаг хугацааүйл хөдлөлийг шууд нэрлэх үгс. Тухайлбал: жинхэнэ нэр, тэмдэг нэр, тооны нэр, орон цагийн нэр, дуурайх үг, үйл үг.
Төлөөлөх үгс:
1,2,3-р биеийг төлөөлөх үгс.
Заах үгс: Нэрлэх үгсийг заах э/и/, тэ-/ти/ язгуурт үгс
Асуух үгс: нэрлэх үгсийг асуун лавлах, ха/хаана, хааш, хаагуур/, я /ямар, яагаад, яаж/ гэх мэт язгуур үгээр илрэх үгс
Тэмдэг нэрийн харьцуулсан зэрэг: Нэг юманд байгаа шинж чанарыг нөгөө юм үзэгдэлд байгаа тухайн шинжтэй нь харьцуулсан зэрэг. Харьцуулсан зэргийг ижил, илүү, давуу гэж ангилна.
Тэмдэг нэрийн үнэлсэн зэрэг: Тухайн шин чанарыг өгүүлэгчээс ерийн эрчимжүүлж, бууруулж, үнэлсэн зэрэг. Үнэлсэн зэргийг ерийн , эрчимжүүлсэн, бууруулсан гэж ангилна.
Хамжих арга: үг өгүүлбэрийг үндсээр нь угсруулан холбох арга.
Угсрах арга: Хэлний нэгжүүдийг нэгийг нөгөөд нь захируулан холбох арга.
Зэрэгцэх арга: Хэлний нэгжүүдийг нэгийг нөгөөтэй нь тэгш эрхтэйгээр холбох арга.
Баймж үг: Өгүүлэгчийн хандлага, үнэлэмжийг илэрхийлэх үгс.
Нөхцөл: Нэрийн ба үйлийн захирах, захируулах харьцаа заах бүтээврүүд.
Тийн ялгалын нөхцөл: өгүүлбэрийн бүтцэд орсон нэр, үйл үгийг бусад үгтэй холбох нөхцөлүүд.
Хамаатуулах нөхцөл: Өгүүлбэр болон түүний бүтцэд орсон үгийг эзэн , бие, цагт хамаатуулан төгсгөх нөхцөлүүд.